Д.УРИАНХАЙ "ӨВӨЛЖӨӨНИЙ ШӨНӨ" /өгүүллэг сонсох / oguulleg sonsoh/ uguulleg sonsoh

Описание к видео Д.УРИАНХАЙ "ӨВӨЛЖӨӨНИЙ ШӨНӨ" /өгүүллэг сонсох / oguulleg sonsoh/ uguulleg sonsoh

Цас малгайлна.
Өвч дэлхийн өвс шарилж бүрийн тоогоор ширхэг тоолон бутрах гэсэн мэт зай завсаргүй нүүр нүдгүй будрана.
Намрын навчис хүчит салхинд сайран шаагих шиг цасан ширхэг том томоор малгайлан хээр талыг булна. Цасан ширхэгээс хэрэв ганцыг хэлэн дээрээ тосч аваад амандаа үмхэх юм бол аманд хайлахаасаа түрүүн хахаах байх гэж санагдахаар хүүс хүүсээр газардана. Хас нэг салхин хөдлөхөд цасан хөшиг нэлдээ ташин намжиж, дуу ихтэй ширүүн мөндөр ташуурдах мэт цайран ханарах агаад, гагцхүү авиа чимээн үгүй аг дарсан нам гүм нь их усны хөв дор орсон мэт санагдуулах ажгуу. Хөдөө хээр чимээ дарна.
Ойн хаяанд өвөлжөө өтөг бараагнан, өвөлжөөний зүг ганц морьтой хүн цас бургуулан шогшино. Голын шугуй зүүд нойрноо дарагдсан мэт чимээ аниргүй амгалан, хаа нэг бургасны мөчрөөс цас гулсан, голын хөндийн эзгүй буйдад хэрээ, шувууд нисэлдэнэ. Ерөөлт цасанд мэдэгдэхтэй үгүйтэй бүтэлзэх замаа орхиж өвөлжөө өөд тэргээ заллаа. Нар шингэв бололтой шивэр ойтой ноёлог хангайн бараа сүртэй гэгч барагнан хүглийж, жавар нэмж эхэллээ. Өвөлжөөнөөс өтөг бууцны ороо содон үнэр ханхийж, мал цас хяхнуулан холхиж, малчид үхэр тугалдаа өвс тэжээл тараах ажгуу. Жижиг бор гэрт гал өрдсөн шинжтэй яндангаар очис улалзан гэрийн үүд татмагц тогоонд даргилан авай аагтай цайны уур хамар цоргин ханхийж, сармай дээлтэй настай авгай цай самарч сууна. Гэрийн хатавчинд мөнгөн хошуутай шийр алаг нялх тугал ханын нүдэнд хавчуулсан нарийн өвс зулгаан тор тор идэж зогсов. Гийчид мэнд мэдэхэд авгай цай самрангаа хариу мэнд мэдэж,
Хүүхдүүд дээшээ сууцгаа! гэж уриалгахан өгүүлээд шанагаа барьсаар ор руу очиж хунирсан бүтээлгийг заслаа.
Yүд онгосхийж даарч улайсан хацартай, толгой нүцгэн тоодгор жаал хүү бор шувуу шиг , дэрхийн орж ирээд гийчдийг сониучирхан нүдээ гялтгануулж үүднээ шуухитнан зогсоход, Ерөөлт:
За энэ чинь хормойгоо урчихсан, гутлынхаа хошууг цоолчихсон... бас майжийлгаад гишгэчихсэн, яггүй сахилгагүй эр үү, үгүй юу? А-аа? гэхэд, жаал духан доогуураа хулмагнан харж өнөө гутлынхаа цоорхой хошуун дээр нэг хөлөөрөө гишгээд золтой л уначихалгүй дэнжигнэн тогтов. Цоорхой гутлаа нуучихаж буй нь тэр аж. Ерөөлт:
Юу хийдэг вэ? нөхөр. Мал хашилцахгүй яагаад ороод ирэв гэж тохуурхахад жаал:
Юу ч хийдэггүй! гээд ихэд эмээнгүй нусаа шорхийтэл татав.
Мал малладаггүй юу? гэхэд,
Малладаг гээд, хөл нь чилэв бололтой хөлөө сольбиж өнөө цоорхой гуталтай хөлөө нөгөө хөлийнхөө араар хийв.
Авгай цайгаа уудалж данхаа нэг сиймгэр даавууны навтархайгаар зүлгэж гийчдийн өмнө тавиад аяга угаахаар түгдчив.

Комментарии

Информация по комментариям в разработке